Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордонд хуралдлаа. Хуралдааны үеэр Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт туссан 69 үйл ажиллагааг гурван чиглэлд хувааж, дэд ажлын хэсгүүдийг байгуулав.
Монгол Улсын Засгийн газраас “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан томилогдоод байгаа билээ. Ажлын хэсгийг 19 байгууллагын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.
Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний болон кирилл хос бичгээр явуулахын тулд:
Төрийн албан хаагчийг үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулах;
Үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, юникод, зөв бичих дүрмийн стандартыг боловсруулж, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх;
Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт туссан үйл ажиллагааг зохион байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэн яам, агентлагийн дарга нарт хариуцуулахаар тогтов. Ажлын үр дүнг ирэх гуравдугаар сарын 25-нд хэлэлцэхээр боллоо.
Эх сурвалж: www.meds.gov.mn