Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсийн хамт олон монгол бичгээ сурч, өдөр тутмын хэрэглээ болгохоор санаачилга гаргажээ.
Хэлтсийн ажилтнууд энэ оны эхнээс эхлэн баасан гараг бүр үндэсний бичгээрээ уншлага зохион байгуулж, дасгал ажилладаг болсон төдийгүй 14 хоногт нэг удаа хуулан бичлэг хийдэг аж. Хэлтсийн ахлах ажилтан Б.Нарантуяа бусдыгаа уриалан монгол бичгээ сурах ажлыг зохион байгуулдаг бөгөөд зориулалтын дэвтэр, самбар, зарим сурах бичиг худалдан авчээ.
Хэлтсийн ажилтнуудын энэ оны гуравдугаар сарын 5-ны минутын уншлагын дундаж хурд 52 үг байгаа нь өмнөх долоо хоногийн баасан гарагаас таван үгээр ахисан амжилттай байна гэж тэрээр хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг баталсан бөгөөд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичгийн хэрэглээг буй болгоход хөтөлбөрийн зорилго оршиж байна.
Эх сурвалж: montsame.mn