Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

 

Зохиолч Франц Кафка “Ном бол бидний доторх хөлдсөн тэнгисийг хагалах сүх нь байх ёстой” хэмээн бичсэн бол Стэнфордын профессор Жон Фелстинер өөрийн номын гарчгаараа “Яруу найраг дэлхийг аварч чадах уу?” хэмээн асуусан байдаг.

“Бүх зүйлд хариу өгөх цаг болсон байхад яруу найргийн цэнгэлийг яагаад дуудах хэрэгтэй вэ? Хариулт нь хувь хүнээс эхэлдэг ба хувь хүн л хувь хүнд шүлгийг зориулна. Бидний дотор үйлдэл хийх хүсэл нэг нэгээр нэмэгдэх магадлалтай. Шүлгийн гоо үзэсгэлэн, хүч чадал бидэнд чиглэгддэг учраас байгалийн амин чухал ач холбогдолтой ертөнцөд бидний ул мөрийг таньж, хөнгөвчлөх боломжтой юм”.

Үгээр эмхлэгдэж, зургаар будагдаж, шүлгийн хэмжээгээр гэрэлтдэг яруу найргийн хүч чадлыг юутай ч зүйрлэшгүй юм. Энэ нь биднийг нэг дор цуглуулах, нэг ижил сэтгэл хөдлөлийн дор нэгтгэх, хөл хорионоос ч зугтах боломжийг олгох хүч юм. Яруу найргийн үнэ цэн өнгөрсөн жил хамгийн тодоор харагдсан билээ.

Яруу найраг нь бидний эргэн тойрон дахь гоо үзэсгэлэн, хүний оюун санааны тэсвэр тэвчээрийг сануулах хүчтэй.

Энэ жил Хүн ба шим мандал хөтөлбөрийн 50 жилийн ойг тэмдэглэж байгаа болохоор биологийн олон янз байдал, байгалиа хамгаалахын төлөө тэмцэж ирсэн өнгөрсөн болон одоо үеийн яруу найрагчдад ЮНЕСКО хүндэтгэл үзүүлж байна.

Биологийн олон янз байдлыг хамгаалах нь нийгмийн шинэ сэдэв болсон бол байгалийн гоо сайхныг сайшаан хүндэтгэх уриалга нь яруу найрагчдын дунд мянга мянган жилийн турш тасралтгүй байсаар ирсэн. Хайр сэтгэл, үхэл хагацал, хүрээлэн буй орчин бол яруу найрагт хамгийн нийтлэг сэдэв байж магадгүй юм. Гарциласо де ла Вегагаас Уильям Уордсворт, Александр Пушкин, Сарожини Найду зэрэг яруу найрагчид хүмүүний сэтгэл хөдлөл ба хүрээлэн буй орчны баян тансаг ахуй хоорондын гүн гүнзгий холбоог эртнээс хүлээн зөвшөөрч, хүндэтгэн биширч ирсэн.

Сүүлийн үед яруу найрагчид уур амьсгалын өөрчлөлтийн гэрч болохын тулд соёлын ой санамж, экологийн асуудлыг бүтээлдээ хөндөж эхэлсэн. Эдгээр эко яруу найрагчид өөрсдийн бүтээлээрээ дамжуулан байгалийн болон соёлын өвийг оршин тогтнолын асуудал болгож, улс төрийн мэтгэлцээний гол сэдэв болгож байна. Уугуул мэдлэг болон экосистемийн хамгаалал хоорондын уялдаа холбоог орчин үеийн Мапуче яруу найрагч Эликура Чихуайлаф хүчтэй илэрхийлсэн байдаг. Тэрээр:

“Би цэцэгс, ургамлын нэрс,

Шавж хэрхэн үүргээ гүйцэтгэхийг сурахын хэрээр

Энэ ертөнцөд илүү зүйл юу ч үгүй,

Орчлон ертөнц бол хоёрдмол байдал юм гэдгийг ойлгоно.

Муу зүйлгүйгээр сайн зүйл байдаггүй.

Дэлхий хүмүүст харьяалагддаггүй.

Мапуче гэдэг нь гараг ертөнцийн хүмүүс гэсэн үг юм.”

Өнгөрсөн үеийн өв уламжлалаас үүдэлтэй, үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө дэлхийн асран хамгаалагч нь байж өнөө үед хамтдаа амьдарч буй эмэгтэй, эрэгтэй хүмүүс бид нарын зүрхэнд яруу найраг оршино. Өнөөдөр яруу найргийг тэмдэглэснээр бид "хүн төрөлхтний нийтлэг асуудал", олон улсын хөгжлийн үйл явцын салшгүй хэсэг болох биологийн олон янз байдлын төлөө хамтдаа тэмцэж байгаагаа мөн тэмдэглэх юм.

Одри Азулей

2021 оны 3 дугаар сарын 21

 

Эх сурвалж: unesco.mn

Top