Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

"Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа"-ны асуулга, нөхөх зааврыг дэмжлээ

 

Үндэсний Статистикийн хорооны Даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийн 9:00 цагт болж, “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа”-ны асуулга, нөхөх зааврыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүд энэхүү заавраар 165000 төрийн албан хаагчаас үндэсний бичгийн судалгаа авахыг зөвшөөрч дэмжлээ.

Тус асуудлыг ХАНСГ-ын дарга А.Амарбал танилцуулж, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам, Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, ХАНСГ-ын Нийгмийн статистикийн албаны статистикч Н.Амарбаясгалан нар хуралд цахимаар холбогдон санал онолоо солилцон мэдээлэл өгөв.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам “Үндэсний Статистикийн хороо Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллан “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа”-ны асуулгыг бидэнтэй хамтран боловсруулж, батлах ажлыг шуурхайлан зохион байгуулж байгаад баярлалаа. Монгол хэлний тухай хуулийн 7.2-т төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Иймд төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшин ямар байгааг тогтоох нь сургалт явуулахад чухал ач холбогдолтой юм” хэмээв.

Энэхүү судалгааны дүнг авч дууссаны дараа нийтэд мэдээлж, 165000 төрийн албан хаагчийг үндэсний бичигт сургах, чадваржуулах сургалтыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс зохион байгуулна.

 

Top