Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

XX зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч Сономын Удвалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

XX зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал 1921 оны 2 дугаар сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төржээ.
Тэрээр 1946 онд намын шинэ хүчний сургуулийг, 1957-1960 онд Зөвлөлтийн Коммунист намын дээд сургуулийг тус тус төгссөн байна. Эдгээр сургуульд суралцах хооронд Намын төв хэвлэлүүдийн эрхлэгч (1947-1949), 1949-1954 онд Намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгчээр буюу одоогийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга (1954-1957), Монголын Зохиолчдын Хорооны даргаар (1961-1973), 1962 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны буюу өдгөөгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар хавсран ажиллаж байв.
С.Удвал тэр үеийн нам, төр, олон нийтийн томоохон байгууллагуудад хамгийн өндөр албан тушаалд хүрсэн эмэгтэй байсны зэрэгцээ утга зохиолын бүх хэлбэрээр чадамгай бичдэг зохиолч хүн байсан. Ардын хувьсгалын жилүүдэд өсөж өндийн, мэдлэг боловсрол эзэмших, хийж бүтээх агуу тэмүүлэлтэй эгэл жирийн боловч, “Ховор” хүмүүс, эмэгтэйчүүдийн хэв шинжит олон дүр бүтээсэн өгүүллэг, тууж, шүлэг, жүжиг, кино олныг бичсэн билээ.
Монголынхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь бие хайргүй тэмцсэн бодит Хатанбаатар Магсаржав буюу Баатар Вангийн дүрийг харуулсан роман “Их хувь заяа” зэргээрээ 1978 онд БНМАУ-ын Төрийн шагнал, 1965 онд Дэлхий дахины энх тайвны Жолио Кюрийн нэрэмжит Алтан медаль, 1973 онд Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлийн шагнал, 1978 онд ЗХУ-ын “Ард Түмний Найрамдал” одон, 1978 онд БНМАУ-ын Төрийн шагнал, 1946, 1966 онд “Алтан гадас", 1956 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор хоёр удаа, 1971 онд Сүхбаатарын одон хүртжээ. 

Эх сурвалж: Соёлын яам 

Top