Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МҮОНРТ-тэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлиг, мөн 2018 оны 46 дугаар зарлиг, 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай хууль”, Засгийн газрын 2019 оны 69 дүгээр тогтоол, 2020 оны 96 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах зорилгоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Дээрх Хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл дарга С.Дулам, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн дэд захирал Г.Гэрэл нар гарын үсэг зурсан бөгөөд хоёр талаас Монголын үндэсний олон нийтийн телевизийн Ерөнхий продюсер Д.Ганчимэг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл тэргүүтэй төлөөлөл байлцав. Уг санамж бичгийн хүрээнд хоёр тал хамтран Монгол хэлний аялгуу, угсаатны бүлгийн хэв шинжийг харуулсан танин мэдэхүйн нэвтрүүлэг бүтээх, бичгийн чулуун дурсгалыг танин мэдүүлэх, сурталчлах, хадгалан хамгаалахад анхаарч ажиллах, аман зохиолын асар их баялаг, өв сангаас хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлэг, контент бэлтгэн хүргэх, монгол бичгийн хэрэглээг дотоод, гадаадад сурталчлан таниулах, монгол бичгийн бийрийн уран бичлэгийн үндэсний хэмжээний цэнгээнт шоу нэвтрүүлэг бүтээх зэрэг олон ажил хийх юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам: “Монгол Улсад “Эх хэлний өдөр” мөн Эрдмийн баяр тохиож буй энэ өдөр их бэлгэшээлтэй үйл явдал болж байна. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт болон монгол хэлтэй холбоотой төрийн бодлого болоод бусад холбогдох бичиг баримтын хэрэгжилтийг хангадаг. Монгол хэлний тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Эх хэлний өдөр зарлах тухай" 2017 оны 25 дугаар зарлиг, “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 2018 оны 46 дугаар зарлигт зааснаар монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, зөв бичгийн дүрмээ ёсчлон дагах шаардлага манай улс орон даяар үүссэн. Энэ ажилд хамгийн гол түүчээ болох үлгэр жишээ үзүүлэх газар бол МҮОНРТ. Тиймээс манай Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс өнгөрсөн тавдугаар сард МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжамцад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлт илгээсэн. Үүнийг олон нийтийн радио, телевизийн удирдлагууд таатай хүлээн авч, өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар манай хоёр тал цаашдаа илүү гүн гүнзгий, өргөн хүрээтэйгээр нягт хамтран ажиллана” гэв.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Дэд захирал Г.Гэрэл: “МҮОНРТ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд олон ажил төлөвлөсөн. Аливаа улс үндэстний иргэд эх хэлээ хадгалж, хамгаалах, зөв ярьж, бичиж хэвших, үүнд уриалахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо хамгийн чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өдөр тутамд мэдээ, мэдээлэл дамжуулахдаа үзэгч, уншигч, сонсогчдодоо эх хэлээрээ зөв зүйтэй ярьж, бичсэн байх ёстой. МҮОНРТ урьд өмнө нь ч үндэсний өв уламжлал, эх хэл соёлоо сурталчлах таниулах, хадгалах хамгаалах зорилготой олон нэвтрүүлэг, контент бүтээж үзэгч, сонсогчдодоо хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр байгуулсан санамж бичигт хүүхэд залуусыг уриалан дуудаж, соён гэгээрүүлсэн шинэ уран бүтээл, контент, телевизийн шоу нэвтрүүлэг бүтээж, сүлжээний нэвтрүүлгийн цаг хөтөлбөр зэрэгт суулгаж өгөх ажлыг тусгасан.

Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдсан цагаас манай олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа уялдуулж ирсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн зарлигаараа жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон зарласнаас хойш энэ чиглэлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, эх хэл соёлоо дээдлэх, хайрлан хамгаалах уриалгыг илүү олон хүнд хүргэхээр анхаарч ажиллаж байгаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан эх хэл соёлоо хадгалан хамгаалах, сурталчлах таниулах шинэ уран бүтээл, контент, телевизийн шоу нэвтрүүлэг удахгүй үзэгч, сонсогч, уншигчдад хүрэх болно” гэсэн юм.

Эх сурвалж: mnb.mn

 

 

Top