Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

“Монгол хэлний тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монголын сайтын холбоотой 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн дагуу Талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  • Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээг баримталж буй эсэхэд хяналт тавих;
  • Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх;
  • Монгол хэлний тухай хуулийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудад зохих шаардлага тавьж ажиллах, зөвлөмж гаргаж, чиглэл өгөх;
  • Сэтгүүлч, редакторуудын ур чадварыг сайжруулах зорилгоор зөв бичих дүрэм, найруулга зүйн сургалт тогтмол зохион байгуулах;
  • Цахим мэдээллийг кирилл болон үндэсний бичгээр алдаагүй бичих, нийтийн эх хэлний боловсролыг сайжруулах талаар аян өрнүүлэх зэрэг болно.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дараа сэтгүүлчдэд зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт зохион байгуулав.

Сургалтыг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор М.Базаррагчаа “Монгол хэлний зөв бичих дүрэм”, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ганболд “Сэтгүүлчдийн гаргаж буй түгээмэл алдаа”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор О.Шинэбаяр “Монгол хэлний найруулга зүй” сэдвээр заалаа.

М.Базаррагчаа багш сэтгүүлчдээс цээж бичгийн шалгалт авч, алдсан үгсийн дүрмийг самбарт дэлгэрэнгүй тайлбарлав. Доктор Д.Ганболд, О.Шинэбаяр нар сэтгүүлчдийн бичилтэд дүн шинжилгээ хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудын мэдээнд гарч буй найруулгын түгээмэл алдааг түүвэрлэн үзүүлж тайлбарлалаа.

Мөн Монгол хэлний тухай хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх үүргийг танилцуулж, сэтгүүлчдийг бичвэр оруулахдаа хариуцлагатай хандахыг хичээнгүйлэн хүсэв.

Сургалтад 60 гаруй сэтгүүлчид хамрагдан батламж гардаж авлаа.

 

Top