Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ЭХ ХЭЛНИЙ ДАРХЛАА СУРГАЛТ БОЛНО

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулж байна.

Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор М.Базаррагчаа, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр нар заана.

Энэхүү сургалтад сэтгүүлч, редакторуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Сургалт 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагаас Мэдээлэл технологийн үндэсний паркын 3 давхарт 302 тоотод болно.  Монголын Сайтын холбоо, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран  “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг  үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгоно.

Top