Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бичиг үсгийн баярыг улс орон даяар энэ сарын 8-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
Үндэсний бичиг үсгийн баярыг нээж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож, жилээс жилд өргөжиж байна. Төрөөс Монгол хэлний тухай, Номын сангийн тухай анхны хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг тус тус соёрхон баталсан нь хос бичигтэн улс болох бэлтгэл ажлыг хангах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалах, хамгаалах, судлах, сурталчлан дэлгэрүүлэх, ашиглах өргөн боломжийг нэмэгдүүлсэн юм. Иймээс бичиг үсгийн баярыг улсын хэмжээнд тэмдэглэх ажил нь Төрөөс соёлын талаар баримталж буй бодлого, салбарын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, сурталчлах чухал ач холбогдолтой юм” гэв.
Энэ жилийн баярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль, “Бичиг соёл” боловсролын төв, аймаг орон нутгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Монгол хэлний тухай хуулийг дээдлэн мөрдөж, үндэсний бичгээр хэрэглээний байнгын орчин бүрдүүлж буй “Хүмүүн бичиг” сонин, үлгэр жишээ хаяг бүтээсэн Нийслэлийн Ерөнхий боловсролын Гуравдугаар сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийхээ хаяг шошгыг үндэсний бичгээр бүтээсэн МИНПРО ХХК-ийн Таван нүдэн брэнд, Ялгуун Аксесорис ХХК-ийн Ялгуун брэнд, Живэртийн Оргил ХХК-ийн Шар доктор брэндийг тус тус шагнаж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.