Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор (PhD), профессор Лувсандамбын Дашнямыг Зөвлөлийн даргаар томиллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 226 дугаар зарлигаар Олон Улсын эдийн засагч, шинжлэх ухаан судлаач, монгол судлаач, зохиолч, яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн, доктор (PhD), профессор, Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Лувсандамбын Дашнямыг Монгол Улсын ­Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргаар томиллоо.

 

МОНГОЛ УЛСЫН ­ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

ГӨРӨӨЧИД ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМЫН НАМТАР

 

Архангай айм­гийн Төвшрүүлэх су­мын уугуул. 1943 онд төрсөн.

Архангай, Улаанбаатарт 10 жилийн сургууль, Москва хотноо Олон улсын харилцааны Дээд сур­гууль, мөн Москва хотноо ОХУ-ын ШУА-ийн Байгалийн шинжлэл, техникийн түүхийн Хү­рээ­лэнгийн аспиран­турыг дүүргэжээ. Олон улсын эдийн засагч, шинжлэх ухаан судлаач, монгол судлаач, зохиолч, яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн, доктор (PhD), профессор.

Монгол улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Тува улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Шинжлэх ухааны болон Ардын боловсрол, Соёлын тэргүүний ажилтан, Д.Нацагдорж, С.Буяннэмэх, О.Намнандорж нарын нэрэмжит шагналтан.

Монголын Хүмүүнлэгийн ухааны Академийн Ерөнхийлөгч, Монгол уламжлал Академийн Тэргүүн, Философийн Хүрээлэнгийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн, “Идэр” Их сургуулийн Хүндэт Ерөнхийлөгч, “Соёл Эрдэм” Дээд сургуулийн Удирдах Зөвлөлийн гишүүн, “Чингис хаан” Хаадын Музейн Эрдмийн Зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Олон улсын харилцааны Хүрээлэнгийн Хүндэт профессор, ӨМӨЗО-ны Багшийн Их сургуулийн Угтах профессор, Олон улсын Тэнгэр судлалын Сангийн /Якут/ Дэд дарга, “Алтайн улсын Соёлын Дээд сургууль”-ийн /ОХУ-ын Алтайн хязгаар/ “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн Редакцын Зөвлөлийн гишүүн.

Ардчиллыг хөгжүүлэх, улс төр эдийн засгийг хөгжлийн шинэ замналд дэвшүүлэх, нийгмийн өөрчлөлт, шинэтгэлийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлэх онол, практикийн хамааралтай олон ажил үйлд 1990 оноос хойш хүчин зүтгэж ирсэн. 1990-1992 онуудад АИХ-ын Орлогч дарга, 1992-1996 онуудад Улаанбаатар хотын ИТХ-ын Тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2001 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байв.

Бичиж туурвисан, эрхэлж нийтэлсэн болон орчуулга, судалгааны 50 гаруй номтой. Түүний бичсэн “Мэдлэг, түүнийг хэрэглэх нь”, “Мэдэхүйеэ бэрхийг үзэхүйеэ хялбар болгосон өчүүхэн дэвтэр”, “Монголчуудын хүн бүтээдэг эрдэм”, “Есүхэй баатар”, “Хүнлиг соёл иргэншил”, “Монгол хэвшмэл хэллэг, хэлц үгийн тайлбарт толь”, “Язгуураа танихуйд өчүүхэн дусал”, “Бор дэвтэр”, “Ноолгай” зэрэг бүтээлүүд нь Монголын олон нийт болоод дэлхийн соёл, оюуны хүртээл болж үнэлэгджээ.

 

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

 

Top