Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“БИЧИГ ҮСГИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛСАН ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

2023 оны 9-р сарын 8-ны өдөр

"Хэрэв та уншиж сурвал үүрдийн эрх чөлөөг олох болно" гэж АНУ-ын боолчлолыг эсэргүүцэгч, хуучин боол Фредерик Дугласс бичжээ. Бичиг үсэг гэдэг бол зөвхөн үсэг, үг эвлүүлж сурахаас хамаагүй өргөн хүрээтэй зүйл бөгөөд цаасан дээр буусан бэхний дуслыг ертөнцийг харах цонх болгон хувиргадаг, мэдлэг, ангижрал, төсөөллийн үүд хаалгыг нээгч түлхүүр юм.

Бичиг үсэг тайлагдах дэвшил нь зөвхөн хувь хүнд үзүүлэх ашиг тусаас гадна, нийгэмд ашиг тус хүртээдэг. Учир нь бичиг үсэг бол бусадтай харилцах хэрэгсэл бөгөөд иргэдийн дундах харилцаа, хоорондын ойлголцлыг бэхжүүлж, мөн хүн бүрийн нийгмийн оролцооны боломжийг нээж өгч, иргэний амьдралд оролцох оролцоог бататгадаг.

Сүүлийн 40 жилийн хугацаанд илэрхий дэвшил гарч, 3.6 тэрбум хүн уншиж бичиж сурснаар 1979 онд 68% байсан дэлхийн бичиг үсэг тайлагдалтын түвшин 2020 онд 87% хувьд хүрсэн билээ. Гэвч өдгөөг хүртэл нөхцөл байдал шударга бус, ялгавартай байдалтай хэвээр байна.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд авч үзвэл сургуулийн насны 244 сая хүүхэд сургуульд сураагүй байгаагийн 98 сая нь “Сахарын цөл”-өөс урагш орших Африкийн бүс нутагт байна. Мөн насанд хүрсэн 763 сая хүн уншиж бичиж чадахгүй байсаар байгаа бөгөөд тэдний гуравны хоёр нь эмэгтэйчүүд байна.

Бичиг үсэг тайлагдаагүйгээс гадна, сургалтын чанар нь ихэвчлэн бүрэн бус бичиг үсэг тайлагдалтад нөлөөлж байна. Арван настай сургуульд сурч буй арван хүүхэд тутмын зургаа нь энгийн бичвэр уншиж, ойлгож чадахгүй байна. Тийм ч учраас ЮНЕСКО-гоос дэлхийн улс орнуудад бичиг үсгийн боловсрол олгох үйл ажиллагааг одоо ч гэсэн дэмжсээр байна. Уншиж бичиж сурах хүний үндсэн эрхэд аюул учруулж буй ямарваа хүндрэлтэй нөхцөл байдалд бид онцгой анхаарал хандуулсаар байх байна.

2008 оноос хойш ЮНЕСКО-гоос Афганистанд бичиг үсгийн боловсрол олгох томоохон кампанит ажлыг удирдан зохион байгуулсан ба энэхүү ажил нь 1.2 сая афган залуучуудад үр өгөөжөө өгсөн ажил болсон билээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Афганистаны де-факто эрх баригчид 12-оос дээш насны охид, эмэгтэйчүүдийг сурч боловсрох үндсэн эрхийг нь хаах буюу 2022 оны 12 дугаар сараас хойш дээд боловсрол хүртэл бүх шатны боловсролыг хориглосон ба энэхүү үйлдэл нь ноцтой аюул авчирч байгаа тул энэхүү бэлгэдэлт өдөр бүх эмэгтэйчүүд, охидын сурч боловсрох эрхийг цаг алдалгүй сэргээхийг ЮНЕСКО-гоос дахин уриалж байна.

Хэрвээ бичиг үсэг нь хүн төрөлхтний олсон ялалт гэж үзвэл хэзээ ч орвонгоороо эргэх магадлалтай эмзэг нэг нь билээ. Энэхүү “Бичиг үсгийн олон улсын өдөр” нь үүнийг сануулж, бүх нийтийн бичиг үсэг тайлагдалтыг зорилтын төдий байлгах бус бодит ажил болгохын төлөө зүтгэж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх боломж болох болтугай хэмээжээ.

Эх сурвалж: https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000385185_eng

 

Top