Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэдэх Улсын нэр томьёоны комиссын ээлжит хуралдаан боллоо

   

 "Хүнсний нэр томьёоны тайлбар толь"-ийн санг хэлэлцэн баталлаа

     Монгол хэлний хуулийн 6.5-д бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэх тухай болон 21.7.5-д эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах, толь бүтээх заалтын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд “Улсын нэр томьёоны комисс” ажилладаг.

       Нэр томьёоны комиссын 2017 оны 3 дугаар сарын ээлжит хурлаар  "Хүнсний нэр томьёоны тайлбар толь"-ийн санг хэлэлцэн баталлаа. Комиссын гишүүн байгууллагаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ШУТИС-ийн хүнсний мэргэжилтэн, багш нар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ хэл шинжлэлийн салбарын баг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаныхан оролцов. 

      Тольд нэр томьёог мэргэжлийн зүгээс тайлбарлаж үг хэллэгийг англи, орос хэлээр хэрхэн оноож хэлэх, монгол бичгээр яаж бичихийг давхар тайлбарласан нь лавлагаа, танин мэдэхүйн хүрээг өргөтгөсөн онолын болон практик ач холбогдолыг тусгаж өгчээ.

     Хүнсний аюулгүй байдал төдийлөн хангалтгүй байгаатай холбоотойгоор Хүнсний салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэл, практик ажиллагаанд өргөн хэрэглэгддэг хүнсний нэр томьёоны тодорхойлолтыг тодорхой болгон цэгцлэх шаардлага зүй ёсоор тулгарч байсан юм.

Тухайлбал:

1. 2010 оноос эхлэн хүнсний салбарын хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж зарим нэр томьёог тодорхойлж байгаа хэдий ч салбарын хэмжээнд нэгдсэн ойлголтод хүрэхгүй байсаар байна.

2. Сүүлийн үед янз бүрийн хэлнээс орчуулгын материалууд албан хэрэгцээнд өргөн хэрэглэгдэх болсон. Орчуулгын материалыг хувь хүн өөр өөрийн дураар орчуулж монголын хөрсөнд буулгахдаа өөр өөр агуулгатай баримт бичгүүдийг гаргах тохиолдол их байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн орчуулгыг жигдлэх, агуулгыг өөрчлөхгүйгээр нэгдсэн сангаас тохирох мэргэжлийн үг хэллэгийг авч ашиглах, нэгдсэн ойлголтыг түгээх шаардлага үүссэн.

3. Дэлхийн даяршилтай холбоотойгоор хүнсний салбарт ч олон арван шинэ нэр томьёо, хэллэг нэвтэрч байна. Эдгээрийг монгол хэл дээр янз янзын оноолт хийх, зарим нэр томьёог гадаад хэлээр нь хэрэглэх явдал ч нэлээд байна. Иймд эдгээр нэр томьёо, тодорхойлолтыг гарал үүслийнх нь жинхэнэ утгаар тайлбарлах, ойлголтын зөрүүг арилгах нэн шаардлагатай болсон.

4. Жирийн хэрэглэгчээс эхлэн мэргэжлийн боловсон хүчин, бизнес эрхлэгчид хүнсний үг хэллэг, томьёоллын талаар нэгдсэн ойлголттой болох, ойлголтын зөрүүг арилгах, мэргэжлийн нэг тогтсон хэлээр өөр хоорондоо ойлголцох хэрэгтэй байна. 

        Эдгээр хэрэгцээ шаардлагыг харгалзан хүнсний салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд хамтран “Хүнсний нэр томьёоны толь”-ийг Улсын нэр томьёоны комиссын хурлаар баталлаа. Уг толь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэгдэхүүний үйлдвэрлэл, Үр тариа, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэл, Ус, ундааны үйлдвэрлэл, Лабораторийн тоног төхөрөөмж, Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, Хоол зүй, шим тэжээл, Хүнсний хууль эрх зүй болон хүнсний аюулгүй байдал гэсэн үндсэн бүтэц 25000 мянган үгийн сантай болно. 

Top