Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Хэлний бодлогын үндэсний зөвлөл Дундговь аймагт ажиллав

Үндэсний бичиг үсгийн баяр” Дундговь аймагт амжилттай болж өндөрлөв. Гурван өдөр үргэлжилсэн баярын үйл ажиллагаанд боловсрол соёлын байгууллагууд идэвхтэй оролцон, 1485 сурагч хамрагдлаа.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 300 гаруй Төрийн албан хаагчдад Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, төрийн албан хэрэг хөтлөлтийн зөвлөгөө өглөө. Боловсрол Соёл Урлагийн Газраас МУБИС-тай хамтран монгол хэл уран зохиолын 50 багшид арга зүйн зөвлөгөө өгч, “Монгол бичгийн бийрийн бичлэг” сургалтыг 80 гаруй сонирхогч иргэдэд үнэ төлбөргүй заав.

С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан “Миний монгол бичиг”, “Эх хэл, бичиг соёл”, “Монгол уран зохиолын дээж зуун билиг оршвой” зохиолууд, аймгийн анхны Чойбалсан сонин, Хүмүүн бичиг, Эх хэл бичиг сэтгүүлээс бүрдсэн 100 орчим бүтээлийн үзэсгэлэнг гарган сурталчлав. Мөн аймгийн музей “Хичээнгүй бичигтэн” уралдаан, Төв номын сан болон "Эрдмийн далай" цогцолбор сургууль хамтран “Хурдан уншигч” уралдааныг зохион явуулж, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 7б ангийн сурагч Б.Нямхүү монгол бичгээр 1 минутанд 278 үг уншиж тэргүүн байр эзлэв.

Эрдмийн далай цогцолбор сургуулиас зохион явуулсан “Их сорилго” монгол бичгийн анги хамт олны анхдугаар уралдаан болж, Сайхан-Овоо, Дэрэн, Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчид амжилттай оролцлоо. Мөн тэмцээнд сурагчдаа амжилттай бэлтгэн оролцсон шилдэг багшаар Ц.Цэвэлмаа, Ц.Мөнгөнчимэг, О.Норжмаа нар шалгарч, Шилдэг сургуулиар лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургууль шалгарлаа.

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top