Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ХЭЛНИЙ БОДЛОГЫН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

 

2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянхонгор аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл энэ оны анхдугаар хурлаа хийлээ. Аймгийн Засаг дарга бөгөөд Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Д.Мөнхсайхан нийт иргэдийн дунд эх хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн соёлыг сайжруулах, хүүхэд залууст сурталчлах арга хэмжээг далайцтай, үр нөлөөтэй зохион байгуулах нь зүйтэй гэж цохон тэмдэглэв.

Хэлний бодлогын салбар зөвлөл уг хурлаар энэ онд хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлав. Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөв.  

  • Төрийн захиргааны нийт алба хаагчдын дунд монгол хэл бичгийг түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хэрэг хөтлөлтийг төгөлдөржүүлэх зорилгоор бичгийн хэл найруулгын сорил шалгалтыг зохион байгуулна.
  • Үндэсний бичгийн сорил шалгалтыг зохион байгуулна. /тодорхой бүлгүүдэд/
  • Монгол хэл бичиг, соёлын үзэсгэлэн гаргаж сурталчилна.
  • Үндэсний бичгийн улсын олимпиад, уралдаанд аймгаа төлөөлөн оролцох хүүхэд багачуудад орон нутгаас дэмжлэг үзүүлж ажиллана.

Баянхонгор аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл нь Монгол хэлний тухай хуулийн 7.2, 24.2-т заасны дагуу 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг хангах зорилгоор төрийн байгууллагын албан хаагчдад модуль сургалтыг 2021 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн байна.

 

Эх сурвалж: Баянхонгор аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл

 

Top