Өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд “Монголын орчуулагчдын II чуулганаар хэлэлцэх асуудлын агуулга, хүрээг тогтоох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын орчуулагчдын анхдугаар чуулганыг зохион байгуулж, зөвлөмж гарсан юм.
Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга, доктор, профессор С.Янжинсүрэн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав нар үг хэллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд “Монголын орчуулагчдын анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт” сэдвээр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, доктор, дэд профессор Ш.Эгшиг, “Дотоодын болон олон улсын орчуулгын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдвээр Монголын зэрэглэлтэй орчуулагч, хэлмэрчдийн холбооны тэргүүн Ж.Оюунболд нар илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт оролцогч мэргэжлийн орчуулагч, хэлмэрч, багш, эрдэмтэн, судлаачид мэргэжлийн орчуулгын чанар, орчуулагчийн монгол хэлний мэдлэг, орчуулгын редактортай болох, орчуулгын бодлогын зөвлөл байгуулах, дипломат орчуулгын төв байгуулах, орчуулагчийн ур чадварыг сайжруулах, орчуулгын үнэлгээний нэгдсэн тогтолцоотой болох, хариуцлагын тогтолцоо бий болгох, уран зохиолын орчуулгын хяналт, орчуулагч, хэлмэрчийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн зохицуулалт бий болгох, хиймэл оюун ухаан, машин орчуулга хөгжсөн хэдий ч утгын нарийн ялгаа, соёл сэтгэлгээний онцлог, монгол хэлний уран сайхны мэдрэмжийг илэрхийлж чадахгүй учраас орчуулагчийн сөрөн тэсвэрлэх чадварыг сайжруулахад анхаарах, орчуулагчийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, орчуулагч, хэлмэрч гэх ойлголтыг тусад нь авч үзэх талаар тус тус санал солилцлоо.
Энэ үеэр Орчуулгын бодлогын зөвлөл байгуулах, Дипломат орчуулгын төв байгуулах, Орчуулгын үйл ажиллагааг зохицуулах бие даасан хуультай болох асуудал дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байлаа.


Ингээд хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналыг нэгтгэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монголын орчуулагч, хэлмэрчийн II чуулган”-аар хэлэлцэхээр тогтлоо.
“Монголын орчуулагчдын II чуулганаар хэлэлцэх асуудлын агуулга, хүрээг тогтоох нь” сэдэвт хэлэлцүүлгийг хааж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэл үг хэллээ.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаад харилцааны яам, МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төв, Монцамэ агентлаг, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Монголын орчуулагчдын эвлэл, Монголын зэрэглэлтэй орчуулагч, хэлмэрчдийн холбоо болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл орчуулагч, хэлмэрч, багш, судлаач нийт 120 гаруй хүн оролцлоо.

ХБҮЗ-ийн Ажлын алба