Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Монгол хэлний язгуур болох Транс-Евразийн хэл шинэ чулуун зэвсгийн үед үүссэн гэж дүгнэжээ

Т.ДАВААНЯМ, IKON.MN

Хэл зүй, генетик, археологийн хамтарсан судалгаа хийсэн эрдэмтэд орчин үеийн Япон, Солонгос, Түрэг, Монгол хэлнүүдийн язгуур болох Транс-Еврази хэл 9,000 орчим жилийн өмнө буюу шинэ чулуун зэвсгийн үед өнөөгийн Зүүн Хойд Хятадад үүссэн гэж дүгнэжээ.

Тухайн үед энэ нутагт амьдардаг хүмүүс ан гөрөө хийж, жимс ургамал түүж амьдардаг хэлбэрээсээ салж, газар тариалангийн амьдралд шилжиж эхлээд байсан гэнэ.

Тухайлбал шар будааны тариаланг эрхэлж эхлээд байжээ. Мөстлөгийн дараа хүмүүс газар тариалан эрхэлж эхлэх үед шар будаа гол үр тариа болж байсан гэдэг.

Энэхүү газар тариалангийн соёлоор дамжиж Евразийн 8,000 орчим километр өргөн газар нутагт Транс-Еврази хэл тархсан нь цаашдаа бие даасан хэлүүд болж салбарлан хөгжсөн байна.

Транс-Евразийн хэл төрсөн нутаг нь зүүн хойд Хятадын Ляонинь, Жилинь мужууд, Өвөр Монголын зарим хэсгийг багтаасан Ляо голын сав газар гэж эрдэмтэд дүгнэжээ.

 

Мянга мянган жилийн турш эндээс хүмүүс Сибирь, зүүн болон төв Азийн тал нутаг, Солонгосын хойг, Японы арлуудад тарж суурьшсан байна.

Транс-Евразийн хэлний бүлэгт өнөөдөр хүмүүс ярьдаг 98 хэл багтаж байгаагийн дотор Солонгос, Япон хэл, Анатолийн хойгоос Төв Ази, Сибирь хүртэл тархсан Түрэг хэлний олон салбарууд, Монгол болон Түнгүс хэлний салбарууд багтдаг гэнэ.

Хэл судлаач Мартин Роббэтсийн ахалсан Германы Макс Планкийн хүрээлэнгийн “Archaeolinguistic Research Group” судалгааны баг Хятад, Япон, Солонгосын хойг, Оросын алс дорнод дахь археологийн 255 газраас цуглуулсан мэдээллийг боловсруулж, эртний үр тарианы 269 олдворыг шинжилж, эртний хүмүүсийн генетикийн өгөгдлийг судалжээ.

Тэдний дүгнэлтээр газар тариалангийн соёлыг Зүүн Хойд Хятадад амьдарч байсан хүмүүс Нийтийн Тооллын өмнөх 1,300 оны орчимд Солонгосын хойгт, 1,000 оны орчимд Японы арлуудад түгээн дэлгэрүүлсэн байна.

“Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дэлгэрэнгүй тайлантай энэ холбоосоор танилцаж болно.

 

Эх сурвалж: ikon.mn

Top