Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ӨВӨРХАНГАЙ: Төрийн албан хаагчдын 50 хувь нь хос бичгийн мэдлэгтэй гэх урьдчилсан дүн байна

 

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг 4 дүгээр 2-ноос авч эхэллээ.

2021 онд анх зохион байгуулсан тус судалгаанд Өвөрхангай аймгийн 5794 төрийн албан хаагч хамрагдаж, 53.1 хувь нь албан хэргээ кирилл, үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн хэмээн хариулж байсан юм.

“Хоёр дахь удаагийн энэ судалгаагаар монгол бичгийн мэдлэгтэй албан хаагч нэмэгдсэн эсэхийг тодруулах зорилготой. Ялгаа нь гэвэл 2021 онд байгууллагаар дүнг гаргаж байсан бол энэ удаа сум, аймгаар дүгнэнэ” гэж аймгийн Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал хэллээ.

Өвөрхангай аймгийн ЗДТГ, СУГ, Насан туршийн боловсролын төв хамтран “Хүмүүн бичигтэн” аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж байгаа ба байгууллага, хамт олноороо үндэсний бичгийн анхан болон шат ахисан сургалтуудыг идэвхтэй авч байна. Тиймээс төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг 2021 оноос нэмэгдсэн хэмээн үзэж байгаа юм. Судалгаа авахтай холбогдуулан аймгийн Статистикийн газраас 19 сумын Засаг даргын тамгын газрын дарга нарт сургалт зохион байгууллаа.

 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/341165

Top