Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулэйгээс ирүүлсэн илгээлт

Өнөөдөр дэлхийн хүн амын 40 хувь нь хамгийн сайн ярьдаг, ойлгодог эх хэлээрээ боловсрол эзэмших боломжгүй байна. Энэ нь эрдэм шинжилгээ болон соёлын аль алинд нь ихээхэн хохирол учруулдаг учир насан туршийн мэдлэгийг дамжуулахад эх хэл чухал байдаг.

ЮНЕСКО-оос хүн бүр эх хэлээ сурах, дамжуулахад анхаарч Олон улсын эх хэлний өдрийг тэмдэглэхийг уриалж байна.

Сургуульд амжилттай суралцахад эх хэл зайлшгүй шаардлагатайг шинжлэх ухааны судалгаанууд нотолж байна. Эх хэлээрээ сурах нь сониуч занг бага наснаас нь сэрээж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, танин мэдэхүйн хөгжлийг дэмждэг. Тийм ч учраас өнгөрсөн аравдугаар сард Тайландын нийслэл Бангкок хотноо ЮНЕСКО-гийн ивээл дор болсон “Хэл, боловсролын долоо дахь удаагийн олон улсын бага хурал”-ын үеэр мэргэжилтнүүд болон бодлого боловсруулагчид сургуульд олон хэлийг нэгтгэх арга замын талаар хэлэлцсэн юм.

Сургуульд олон хэлийг сурталчлах нь хэлний олон ургалч байдлыг хадгалах, ялангуяа цөөн харилцагчтай хэлний хувьд олон жижиг хэлийг хамгаална, дэмжинэ гэсэн үг юм.

Мозамбик улсад 2018 оноос хойш олон хэлний боловсрол олгох багш бэлтгэж байгаа нь Мозамбик улсын нэгэн адил анхан шатны боловсрол эзэмшээгүй хүмүүст дахин суралцах боломжийг нээж байгаа явдал юм. Энд бүх насны 400 орчим оюутан элсэн суралцаж байгаагаас ихэнх нь эмэгтэйчүүд байна.

Хэл гэдэг нь зөвхөн нэг аялгуу, энгийн харилцааны хэрэгсэл мэт боловч бас соёлыг агуулдаг.

Хэл бол хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх арга, ертөнцийг дүрслэх, харилцах харилцааны бүхэл бүтэн цогц хэрэгсэл юм. Тиймээс олон хэлээр ярьдаг соёлын олон янз байдлыг үнэлж, хамгаалах нь чухал юм.

Тийм ч учраас Олон улсын уугуул хэлний арван жилийн (2022-2032) хүрээнд ЮНЕСКО бүх хэлийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байна. Олон уугуул хэлэнд тулгараад байгаа эгзэгтэй нөхцөл байдалд дэлхийн анхаарлыг хандуулах зорилготой энэхүү өргөн цар хүрээтэй хөтөлбөрөөр ЮНЕСКО эдгээр хэлийг төрийн үйлчилгээнд ашиглахыг дэмжих, тэдний дамжуулж буй мэдлэгийг илүү сайн болгохын тулд арга хэмжээ авч байна. Эх хэлний мэдлэг нь өлсгөлөнтэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг чухал сорилтуудаас ч илүү үнэлж баршгүй чухал зүйл юм.

Эцэст нь хэлэхэд, хүн бүр чөлөөтэй ярьдаг хэлээрээ чанартай мэдээлэл олж авах зайлшгүй шаардлагатай байдаг тул ЮНЕСКО нь дэлхийн мэдээллийн тэргүүлэгч эх сурвалж болох интернэт болон агаарын долгионоор олон хэлийг сурталчлах санаачилгыг дэвшүүлж байна.

Онлайн мэдээллийн 90 гаруй хувь нь арав гаруй хэл дээр байгаа өнөө үед ЮНЕСКО нь Global Voices сүлжээтэй хамтран вэб дээрх хэлийг төрөлжүүлэхэд туслах хэрэгсэл бүтээлээ. Мөн уугуул хэл дээрх контентыг дэмжих, сурталчлах радио төслүүдийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, уг хөтөлбөрөөр дамжуулан Энэтхэгийн ихэвчлэн хөдөө орон нутагт байдаг 200 орчим олон нийтийн радио станцыг дэмжин ажиллаж байна.

Энэ олон улсын өдрийн гол зорилго нь бүх хүн ямар хэлээр ярьж байгаагаас үл хамааран суралцах боломж, мэдлэгээ дамжуулах боломжоор адил тэгш хангагдах явдал юм.

Top