Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Г.Аким: Монгол хэлний найруулах ёс гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан байна. Түүнийг л сайн судал. Тэгвэл сайн орчуулагч болно.

 

Толь бичиг сөхдөг бай. Залуу байхад Цэвэл гуайн ногоон толийг навтарга болтол сөхөж харсан. Нэг үг хайж яваад гэнэтхэн сонин үг гараад ирмэгц тэрийгээ хөөгөөд алга болж өгнө. Бараг эхний хайж явсан үгээ мартчихдаг. Үг хөөх, үгийн амтанд орох гэж ойлголт бий. Гэтэл манайхан ер тэгэхгүй юм. Уран зохиолын орчуулга хийх хүн уран сайхны сэтгэлгээгүйгээр уран сайхан орчуулж чадахгүй шүү дээ. Уран сайхны сэтгэлгээ гэдэг чинь уран зохиол уншиж байж суудаг зүйл юм байгаа биз дээ? Хүнийг сэтгүүлж сургадаг нь уран зохиол. Уран зохиолын хичээлийн цагийг таначихаар хүүхэд яаж эргэцүүлж, тунгааж, дүгнэлт хийж сурах билээ? Манайхан тоо л гээд байдаг. Тоо хүнийг цэвдэг сэтгэлтэй болгодог. Хүний сэтгэхүйг зөвхөн тоон дотор барьчихдаг ухаан шүү дээ.

Монгол хэл яруу эгшиглэнтэй, бараг шүлэг шиг хэл. Ярихад бараг дуу шиг сонсогддог. Уг нь бичгийн хэл, ярианы хэл хоёр тусдаа. Гэвч манайхан бичгийн хэлээ ярианы хэлтэйгээ хутгачихсан. Бичгийн хэл гэдэг чинь яруу тунгалаг. Мөн монгол хэлэнд сондгойруулахгүй байх зарчим гэж байдаг. Нэг өгүүлбэр зургаан үгнээс бүтлээ гэж бодоход гурав гурваараа жингээ хувааж байвал зүгээр. Өгүүлбэрт тэгш хэмийг хадгалах нь чухал. Манай эртний сайн орчуулагч, зохиолчид бичсэнээ чанга дуудаж уншдаг байсан. Тэгж уншвал сондгойрч уу, үгүй юу гэдэг нь мэдэгддэг. Энэ сайхан туршлагыг манай залуучууд хэрэглээсэй.

Аливаа хэлэнд нэрших, үйлших хоёр хандлага бий. Орос, англи хэл нэрших хандлагатай, нэрээр гол утгаа илэрхийлдэг бол монгол хэл үйлээр. Жишээ нь хоёулаа яг одоо ганц ч нэр үггүйгээр ойлголцож дөнгөнө. Үйлээр яривал богинохон, товчхон, тодорхой, бүх юмыг ойлгомжтой болгодог. Энэ нь өөрөө монгол хэлний онцлог юм. Зурагтын тайлбарлагч давуулалт хийлээ, өргөлт хийлээ, цохилт хийлээ гэхийн оронд давууллаа, өргөлөө, цохилоо гэхэд л бүх юм ойлгомжтой. Тайлбарлагчийг нурших хооронд өндрөө авсан бөмбөг аль хэдийн газарт ойччихно шүү дээ. Гэтэл давууллаа, авлаа, өргөлөө, цохилоо гэж хэлэх нь бөмбөг унахаас ч хурдан.

Би залуу байхдаа нэг багшаасаа “Би ямар сэдвээр эрдмийн зэрэг хамгаалах вэ” гэж асууж байсан юм. Багш маань “Битгий дэмий юм ярьж бай. Өөрийнхөө сонирхсон ажлыг л хийдэг байхгүй юу” гэсэн. Орчуулга гэдэг зохиол бичихтэй адилгүй. Бичиж буй зохиолынхоо үйл явдлыг нягт нямбай төлөвлөж, утга агуулгыг нь сайтар бодож тунгаана гэдэг зохиолч хүний ажил. Харин орчуулагч хүн эхний өгүүлбэрээ тавиад эхэлсэн л бол хөлөг онгоц далайд гарсантай адил. Нарийндаа төвлөрөл ч бас ганцаардал. Хэрэв төвлөрч л чадвал уулын бөглүү мухарт ганцаар байна уу, аль эсвэл гэртээ олны дунд сууж байна уу ямар ч ялгаагүй. Болдог сон бол аливаа зохиолыг орчуулахын өмнө тухайн нутаг оронд нь очоод үзчихвэл зүгээр сэн.

Хэмингуэй “Өвгөн тэнгис” туужаа 1951 онд бичиж дуусгасан. Миний бие 1979 оны зун Кубад сурвалжлах ажлаар очихдоо Хавана хотын хаяан дахь Хэмингуэйн гэр музейд зочилсон юм. Олон жилийн дараа “Өвгөн тэнгис”-ийг орчуулан суухад Хэмингуэйн дүрслэн бичсэн, бас миний үзсэн тэр далай нүдний өмнө дахин тодрох шиг болсон. Зохиолын гол дүр Сантьяго өвгөн хөлгүй цэнхэр далайд гав ганцаар хөвөн явахдаа дээгүүр өнгөрөх нисэх онгоцыг хараад “Тийм өндрөөс далай ямар байдалтай харагддаг бол?” хэмээн өөрөөсөө асуудаг шүү дээ. Бас өвгөн “Далай агуу том, завь өчүүхэн жижиг. Нүдэнд торохгүй байлгүй” гэж хэлдэг. Буцах замдаа би Хаванагаас хөөрч далай дээгүүр дүүлэн нисэхэд өвгөний өдөр бүр загасчилдаг Карибын тэнгис номин цэнхэр, жаахан холдохоороо гүн хөх өнгөтэй харагдсан.

Ри багшийн орчуулсан Н.В.Гоголийн “Тарас Бульба”, “Мөнгөн ноён” гэсэн хоёр ном миний багш. Яаж орчуулсан гэдгийг үг болгоноор нь тулгаж үзсэн. Ер нь энэ хоёрыг монгол найруулга зүйн охь гэж хэлнэ. Орчуулга гэдэг дан ганц үгэнд, өгүүлбэрт баригддаггүй гэдгийг ойлгож авсан. “Мөнгөн ноён” дотроос би лав хувьдаа хэзээ ч тэгж орчуулж дөнгөхөөргүй нэг өгүүлбэр сонгож аваад олон жил хамт ажилласан Чойжил гэх өвгөнд “Орчуул” гээд өглөө. Тэр маш сайхан найруулгатай хүн байсан. Уг нь бас л миний нэг багш. Тэгсэн мөртлөө бид хоёр яг л найзууд шиг ярьдаг. Төдхөн орчуулсныг нь Ри багшийнхтай тулгатал хоёр үг зөрөөд, бусдаар бол найруулга нь яг адил. Хоёр өөр хүн нэг найруулгаар орчуулна гэдэг монгол хэлний найруулах ёс цаанаа нэг болохыг баталж буй хэрэг. Бидний үеийнхэн өвөрмөц хэлцийг өөрийн мэдэлгүй хэрэглэдэг. Яагаад гэвэл арван үгээр илэрхийлэх утгыг хоёр гурван үгээр дүйлгээд оноочхож буй хэрэг. Үг хэмнэнэ гэдэг чухал. Тухайлбал зүйр цэцэн үг гэдэг чинь өөрөө шүлэг. Уншихад хүртэл хөгжимлөг. Монгол хэлний найруулга зүйн онцлог үүнд л буй. Хэл гэдэг чинь хэрэглээ рүүгээ хэт ойртвол уянгалаг сайхнаа алддаг. Ри багшийн шүлэгт “Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь” гэсэн мөр бий. Тэр хөгжимлөг чанарыг манай хойч үе алдаж гээх учиргүй, бүр хадгалан хамгаалах ёстой. Ри багшийг унш. Да багшийг унш. Энэ хоёроос найруулгын ялгаа маш тод харагдана. Да багш энгийн богино өгүүлбэрээр хүүрнэдэг бол Ри багш урт урт өгүүлбэрээр бичдэг. Тэгсэн хэр нь уншаад бүгд ойлгодог. Пушкин, Толстой хоёрын найруулга бас тийм. Пушкин богино, Толстой урт. Цаашлаад яруу найрагчдаас Пүрэвдорж, Явуухуланг унших хэрэгтэй. Энэ дөрвийг уншаад гүйцчихвэл монголоор аятай сайхан найруулдаг болчихно. Ер нь толгой өөд татахгүй уншиж байж л монгол хэлний найруулах ёсонд суралцана...

Ярилцлагуудаас нь тоймлон авав.

Эх сурвалж: Chinzorig Uranzaya https://www.facebook.com/groups/269816426460750

 

Top