Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ИХ ЭРДЭМТЭН, ГАВЬЯАТ БАГШ, ДОКТОР ПРОФЕССОР ЧОЙ.ЛУВСАНЖАВЫН НЭРЭМЖИТ “АРДЫН ДҮРСЛЭЛИЙН ХЭЛ-21” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, нийгмийн сүлжээ, хэрэглээнд ардын дүрслэлийн үг, хэллэгийг оруулах, түгээн дэлгэрүүлэх, монгол хэлний дархлааг сэргээх, үндэсний хэл, аман яриаг малчин түмний дүрслэлийн жишээ, баримтаар баяжуулах зорилгоор “Ардын дүрслэлийн хэл” төслийн багтай хамтран “АРДЫН ДҮРСЛЭЛИЙН ХЭЛ-21” уралдааныг 2021 оны 7 дугаар сарын 01-нээс 2022 оны 1 дүгээр сарын 31-нийг дуустал зарласан билээ.

Уралдаанд нийт 77 оролцогчийн 350 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 10 оролцогчийн бүтээлийг шалгаруулан, бүтээлийн зохиогчдын нэрийг нууцлан шүүгчдэд өгч уншуулан дүнг цахимаар хүлээн авч нэгтгэснээс 151 оноогоор сэтгүүлч Ч.Дашдэлэг, 140 оноогоор Дархан-Уул аймгийн Хүүхдийн номын ордны захирал, зохиолч Л.Мөнхбаатар, 135 оноогоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Н.Мандал нар эхний гурван байр эзэлж, тусгай байрт 101-128 оноогоор зохиолч С.Батжаргал, сэтгүүлч Г.Баатарнум, доктор Ц.Жаргалсайхан, ахмад багш Х.Ивансан /Говь-Алтай аймаг Дэлгэр сум/ зохиолч С.Товуудорж /Өвөрхангай/ гавьяат барилгачин С.Батчулуун, Дундговь аймгийн лаборатори "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн багш Э.Баттогтох нар шалгарлаа.

Уралдааны шүүгчээр МУИС-ийн зөвлөх дэд профессор, Хэл бичгийн ухааны доктор Д.Батжаргал, МУИС-ийн дэд профессор, Хэл бичгийн ухааны доктор Г.Нарантунгалаг, Чой. Лувсанжав багшийн охин, Хэл бичгийн ухааны доктор, профессор Лу.Соёмбо, www.24tsag.mn цахим сайтын ерөнхий эрхлэгч С.Ононтуул, МҮОНР-гийн сэтгүүлч, Хэл бичгийн ухааны доктор Г.Болормаа нар ажиллалаа.

Олон Улсын Эх хэлний өдөр жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдөр тохиодог билээ. Эл өдрийг тохиолдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албанаас “Ардын дүрслэлийн хэл-21” уралдаанд шалгарсан оролцогчдод шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.  

Уралдааны болзолд зааснаар Ч.Дашдэлэг тэргүүн байрын цом, 500000 /таван зуун мянга/ төгрөг, Л.Мөнхбаатар дэд байрын цом, 300000 /гурван зуун мянга/ төгрөг, Н.Мандал гутгаар байрын цом, 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийн шагнал тус тус хүртлээ. Тусгай байр эзэлсэн хүмүүсийг 21 номын багцаар тус тус шагнаж урамшууллаа.

 

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

 

Top