Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс уламжлал ёсоор “Хүүхдийн эх хэлний боловсролд” эрдэм шинжилгээний хурлыг Нийслэлийн боловсролын газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол хэл бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо, 21 аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлтэй хамтран 2021 оны 6 сарын 4-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хуралд 980 орчим СӨБ, бага боловсролын арга зүйч багш нар оролцов.

МУБИС-ийн багш,  доктор (Ph.D), дэд профессор Г.Бямбацэрэн “Хэл сурахуйн онол ба арга зүй”, МУБИС-ийн СӨБС-ийн багш, доктор (Ph.D) Б.Төртогтох “Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил ба тархины үйл ажиллагаа”, Боловсролын хүрээлэнгийн Үндэстний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Х.Гансүх “Эх хэлээрээ суралцахгүй байгаа хүүхдүүдийн эх хэлний боловсролыг дэмжих нь”, ШУТИС-ийн ахлах багш, доктор (Ph.D) Р.Бигэрмаа “Вэб суурьтай цахим сурах бичгийг Монгол хэлний сургалтад хэрэглэх арга зүй”, МУБИС-ийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) М.Энхжаргал “6-10 настай хүүхдийн үгийн сангийн онцлог”, Боловсролын хүрээлэнгийн Үндэстний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ж.Гэрэлмаа “Гадаад дахь монгол хүүхдийн эх хэл, соёлын боловсролын зарим асуудал”, ЕБС-ийн 25 дугаар сургуулийн хэл заслын багш М.Батмөнх “Хүүхдийн хэл ярианы хөгжлийн ялгаа, үүсэх шалтгаан, засан сайжруулах арга”, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Эрдэнэ-Зуу “Монгол түүх, хууль цаазын бичигт туссан монгол хүүхдийн мэдээ сэлтээс”, Хэл бичгийн ухааны доктор Т.Отгон “Монгол хүүхдийн төлөвшил ба хатуужлын тухайд” илтгэлийг тус бүр хэлэлцүүлэв.

Сургуулийн өмнөх насны хүүхэд эх хэлээрээ өөрийн бодлоо зөв илэрхийлж ярьж сурахад эцэг эх, цэцэрлэгийн багш нарын үүрэг оролцоо тун чухал байдаг. Илтгэл бүр суурь судалгаатай, нотолгоонд суурилсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байв. Багш нар талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ цахим сургалт нь орон зайнаас үл хамаарах тул ийм хэлбэрийн сургалт, семинар дахин зохион байгуулах саналыг дэвшүүлж байв. Эрдэм шинжилгээний хуралд 980 орчим багш судлаач, сурган хүмүүжүүлэгч багш нар оролцож, туршлага солилцож, мэдээлэл авч, санал солилцов. Энэхүү сургалтаас гарсан санал онолыг харьяа байгууллагад Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс зөвлөмж болгон уламжилжээ.

Top