Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлигийн хүрээнд жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаргийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ тэмдэглэлт баярын хүрээнд 2016 оноос эхлэн Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэн, монгол хэл, бичгээ хамгаалах, хөгжүүлэх, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулан ажиллаж буй байгууллага хувь хүмүүст өргөмжлөл олгодог уламжлалтай.

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 19-ний өдөр Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Ардчилал сонин, Үндэсний шуудан сонин, Уламжлал сэтгүүлд өргөмжлөл олголоо. Эдгээр сонины хамт олон 2021 оноос эхлэн сониныхоо онцлох нүүрийг үндэсний бичгээр  дагнан гаргаж байна. Уламжлал сэтгүүл нь 2016 оноос эхлэн 5 жил 20 дугаарыг үндэсний монгол бичгээрээ гаргасаар иржээ.

Мөн  Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн 3.1.10-т “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг 2021 оноос эхлэн хос бичгээр хэвлэж, 2023 оноос зөвхөн монгол бичгээр хэвлэх бэлтгэл хангаж, хэрэгжүүлэх; 3.1.14-т Монголын үндэсний олон нийтийн телевизийн дэлгэцийн бичвэрийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн бичих ажлыг эхлүүлэх гэсэн заалтыг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа УИХ-ын албан мэдээлэл “Төрийн мэдээлэл сэтгүүл”-ийн хамт олон, МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн хамт олныг тус тус Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлав.

Батламж, өргөмжлөлийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Цэдэвийн Өнөрбаян эздэд нь гардуулж, баяр хүргэлээ.

Top