Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ

 

2018 оны 6-р сарын 19-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлт боллоо.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол үсгийн журамласан толийг бүх нийтээр дагаж мөрдөх тухай 5 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу ХБҮЗ-ийн Ажлын алба, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж “Монгол хэлний үсгийн дүрмийн журамласан толь”-ийг боловсруулан олон нийтийн гар дээр тавьж байна.

Уг толийг бүтээхэд Хэлбичгийн шинжлэх ухааны доктор(Sc.D), академич Л.Болд, Монгол Улсын Ардын багш, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ц.Өнөрбаян, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) М.Базаррагчаа, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж.Санжаа агсан, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Г.Гантогтох, Гавьяат багш, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж.Баянсан, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) О.Самбуудорж, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) Л.Жумдаан, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) Д.Заяабаатар, Хэлбичгийн ухааны доктор(Ph.D) Б.Түвшинтөгс, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) Г.Бямбацэрэн, Хэлбичгийн ухааны магистр Б.Элбэгзаяа нарын зэрэг 20 гаруй эрдэмтэд оролцсон байна. 

Уг толь 30000 гаруй толгой үгтэй бөгөөд үгийн код, үгийн давтамж, үгсийн аймгийн ангилал, товч тайлбар, монгол кирилл үсгийн дүрэм, гадаад үг, үг хувилах жишээ, аймаг сум дүүргийн нэр, Монгол Улстай дипломат харилцаатай улс орон, нийслэлийн нэр, багцалсан дүрэм, багцалсан үг, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна.

Толгой үгийн ард хэл зүйн ангиллыг хадаж өгсөн бөгөөд ЕБС-ийн сургалтад мөрдөж байгаа жинхэнэ нэр, үйл үг, тэмдэг нэр, тооны нэр, төлөөний үг, орны нэр, цагийн нэр, холбох үг, баймж үг, бүтээвэр, дүрс дуурайх үг, авиа дуурайх үг, аялга өгүүлбэр, дутмаг үйл үг гэж ангилж үг нэг бүрийн ард оруулсан нь Монгол хэлний судалгаанд ахиц гарсан хэмээн толийн ажлын хэсгийн гишүүд ярив.

Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр  тогтоол (олон нийтийн дунд яригдаж хэвшсэн 700 үгийн тогтоол) хүчингүйд тооцогдож байна.

Уг толь салбарын эрдэмтэд, иргэд олон нийтийн өөр өөрийн дураар үсгийн дүрэм баримтлалгүй бичдэг байсан асуудлыг нэг мөр журамлан шийдэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Эх хэлээ дээдэлж, зөв бичих дүрмээ чанд баримтлан, журамласан толио байнга ашиглаж хэвших нь төр захиргааны байгууллага, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэн бүрийн үүрэг тул улс нийтээр энэхүү толийг мөрдөхийг уриалж байна” гэлээ.

 

 

Top